News

Э.Тодмэргэн: Гэрэгэ анх карьер эхэлж байгаа хүмүүст үргэлж БОЛОМЖ олгодог компани

“Бидний түүхүүд” булангийнхаа ээлжит зочин, Чанарын менежер Э.Тодмэргэнтэй ярилцлаа. Хошин, шооч зангаараа хамт олны дунд эерэг уур амьсгалыг чимээгүйхэн бүрдүүлчихдэг, хариуцсан ажлаа төвөггүйхэн хийчихдэг тэрбээр Гэрэгэ гэр бүлийн бас нэгэн содон төрх.
Компанийнхаа анхны 20 ажилтны нэг, старт-ап компани байхаас нь эхлээд өнөөдрийн Гэрэгэ-г бий болгох бүхий л хугацаанд тогтвортой ажиллаж, хувь нэмрээ оруулж яваа тууштай залуусын маань төлөөлөл.

Түүний Гэрэгэ-тэй холбогдсон түүхтэй хамтдаа танилцъя.

Гэрэгэ Системс ХХК-тай холбогдсон түүхээ хуваалцаач?

Би 2017 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсөөд Үндэсний хөгжлийн газарт Хөгжлийн бодлогын төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан. Тухайн үед ажлаас гарах болчхоод хэлтсийн захиралдаа хэлтэл Н.Энхжаргалтай захиралтай танилцуулсан юм. Тэгээд Н.Энхжаргал захирал ажлын санал тавиад Гэрэгэ Системс-д анх орж байлаа. Яг ажиллаж эхэлсэн өдөр нь 2018 оны 10 сарын 1-ний өдөр байсан юм. Ингээд төрийн албан хаагчаас хувийн хэвшил рүү шилжсэн дээ. Анх орж ирэхэд компани жижиг старт-ап байсан. Нийтдээ 20 гаруй л хүнтэй байсан болов уу.

Ажилд орсон анхны сэтгэгдэл ямар байсан бэ? Одоогийн сэтгэгдэл өөрчлөгдсөн үү?

Анхны сэтгэгдэл гэр бүлсэг санагдсан. Захирлуудаа Ээгий ах, Энхүүш эгч гэж дуудаад л, төрийн байгууллагаас орж ирсэн миний хувьд компанийн соёл нь тэс өөр байсан. Гэхдээ мэдээж эндэх уур амьсгал илүү дулаан таатай санагдсан. Одоогийн сэтгэгдэл гэвэл компани маань томорч, тухайн үеийг бодвол ажилтнуудын тоо ч 10 дахин нэмэгдсэн болохоор бүх харилцаа системтэй болж, ажлууд процессын дагуу, эмх цэгцтэй явагдаж байгаа. Өмнө нь бол зөвхөн хариуцсан ганц ажлаа л хийх биш, бүгд л олон ажлууд зэрэг хийдэг байсан. Ингээд ярьсан чинь нэг дурсамж санаанд орлоо. 2018 онд манай аппликейшн анх гараад бид Бөмбөгөрийн худалдаа эрхлэгчдэд Апп-аа танилцуулж явсан юм. Хоёр машинтай, арав гаруй янз бүрийн хүмүүс явсан юм. Тэгсэн нэг мэдсэн цайны цаг болоод бусад маань ажил руу явцгаачихсан, хөгжүүлэгч бид хоёр хоёулхнаа хоцорчхож. Машингүй хоцорсон хоёр бусдадаа гомдоод л ажил руугаа алхацгаасан даа (инээв). Одоо хааяа ярьж инээцгээдэг юм.

Компанидаа ажиллах энэ хугацаанд сэтгэлд хамгийн тод үлдсэн дурсамжаа хуваалцаач?

2019 онд бүтээгдэхүүний танилцуулга видео хийх болоод Power Point дээр ард нь ая дэвсээд хийж байлаа. Одоо ч тэр YouTube-д байдаг. Аппликейшн хэрхэн ашиглах вэ? гээд. Ашигласан программ нь видео эдит хийдэг программ биш Power Point байсан. Хүн ер нь олон ажлууд хийх тусам чадвар нэмэгдэж, хөгжиж явдаг юм байна лээ.

Компаниа гурван үгээр тодорхойлбол?

ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ, ХУРД, БОЛОМЖ гэсэн гурван үгийг хэлмээр байна. Анх Киоск гэдэг ганц бүтээгдэхүүнтэй байсан бол одоо Бизнес ПОС, олон төрлийн зах зээлд зориулсан аппликейшн, вэб системүүд гээд шинэ шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлээд явж байгаа учраас ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ гэж боддог. Бас хамт олон маань ажиллахдаа ХУРДТАЙ, компани маань нь ч хурдацтай өргөжиж байна.

Та яг одоо юун дээр төвлөрч ажиллаж байна вэ?

CORE системээ шинэчлээд удаагүй байгаа болохоор шинэ CORE-оо илүү сайжруулахад төвлөрч ажиллаж байна. Шинэчилсэн систем дээрээ нэмэлт хөгжүүлэлт хийж байгаа гэсэн үг. Шинэ CORE системд шилжээд удаагүй байгаа болохоор сайжруулах ажлууд нэлээд байна.

Таны ажлын онцлог, арга барил юу вэ?   

Аль болох өглөө эрт ирээд ажлуудаа төлөвлөчихвөл амар байдаг. Тэгээд чухал ажлаасаа эхлээд хийдэг. Ер нь ямар ч сайн систем дээр ч алдаа гардаг. Тэр болгоныг гараар засаж, залруулдаг гэсэн үг. Миний хувьд маш олон төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын инженерүүдтэй харилцаж, систем дээр гарсан сайжруулах зүйлсээ тухай бүр хийдэг. Нэг ёсондоо бид системээ байнга арчилж байх нь чухал юм.

Ажлын бус өдрүүд, чөлөөт цагаараа юу хийдэг вэ?   

Чөлөөт цагаараа электрон спорт сонирхдог, DOTA тоглох дуртай. DOTA-г 21-р зууны шатар гэж үздэг, тархиа сайн ажиллуулж тоглох шаардлагатай байдаг. Бас найз охинтойгоо гадуур хооллож, кино үздэг. Үнэлгээ нь өндөр, зохиол сайтай кинонуудыг сонгож үзэх дуртай. 

Та энэ буланд хамт олноосоо хэнийг санал болгох вэ? 

Дараагийн зочноор Front-End Ахлах хөгжүүлэгч О.Баярсайханыг санал болгож байна. Өөрийн түүхийг хуваалцаж, сонирхолтой яриа өгөх байх аа. 

Ярилцсан танд баярлалаа.

By gerege_admin    |    Sep 27,2022

Recent news

LAUNCHED PILOT PROJECT TO INCREASE FINANCIAL ACCESS FOR WOMEN ENTREPRENEURS

2023/02/01

БОАЖЯ, Гэрэгэ Системс ХХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2022/10/03

Э.Тодмэргэн: Гэрэгэ анх карьер эхэлж байгаа хүмүүст үргэлж БОЛОМЖ олгодог компани

2022/09/27