News

Д.Өсөхбаяр: Миний хувьд Гэрэгэ Системс бол ажлын туршлага хуримтлуулах их сургууль болсон

Гэрэгэ Системс болон тус группийн охин компаниудад ажиллаж байгаа эрч хүчтэй, чадварлаг, манлайлагч залуусынхаа Гэрэгэ-тэй холбогдсон түүхийг бид цувралаар танилцуулж байгаа билээ.

Ярилцлагын гурав дахь зочноор Гэрэгэ Системс ХХК-ийн CORE хөгжүүлэлт хариуцсан захирал Д.Өсөхбаярыг урьж, ярилцлаа. Тэрбээр Гэрэгэ Системс ХХК-д 2019 онд нэгдэж, түүнээс хойш тогтвортой ажиллаж, албан тушаал дэвшсэн ажилтнуудын маань нэг юм.

– Гэрэгэ Системс ХХК-тай холбогдсон түүхээ хуваалцаач? 

Миний хувьд анх 2019 компанидаа нэгдсэн. Түүхээ яривал, программ хангамжийн хөгжүүлэгч ажилд авна гэсэн зарын дагуу анх ирсэн. Тэр өдөртөө л Хүний нөөцийн менежер болон Үйл ажиллагаа эрхэлсэн захиралтай уулзаад, шууд л маргаашаас нь ажилдаа орж байлаа. Ажлаа Backend хөгжүүлэгчээс эхэлсэн. Ер нь болох ёстой зүйл цаг хугацаа нь ирэхээр маш хурдан болдог юм байна лээ. Миний хувьд ШУТИС-ийн КТМС-д программ хангамжийн инженерээр суралцсан. Гэрэгэ-д орохоос өмнө старт-ап компаниудад ажиллаж туршлагатай байсан ч, технологийн салбартаа ирээдүйтэй, тогтсон том багт орж ажиллаж, суралцъя гэж шийдээд Гэрэгэ-г сонгосон. Тухайн үед компани одоогийнхоос 2 дахин бага хүнтэй, 20 орчим хөгжүүлэгчтэй л байсан. Харин жил бүр компани улам томорч, тэр хэрээр ажилтнуудын тоо ч нэмэгдсээр байгаа.

– Ажилд орсон анхны сэтгэгдэл ямар байсан бэ? Одоогийн сэтгэгдэл өөрчлөгдсөн үү? 

Ажлын анхны өдөр цоо шинэ компьютер задлаад ажлаа эхлүүлэхэд сэтгэл догдолсон. |Инээв| Гэхдээ шинэ орчин, шинэ хүмүүсийн дунд эхэндээ биеэ барих, сандрах зүйлс байсан ч найрсаг хамт олон угтсан учраас богино хугацаанд амархан уусаж чадсан. Хариуцсан ажлын хувьд тухайн үед миний өмнө ажиллаж байсан Backend хөгжүүлэгчийн ажлыг хүлээж аваад нэг сар орчим хамт ажиллаж, дадлагажсан. Ерөнхий ажил үүргийн тухайд Гэрэгэ Системс ХХК-ийн CORE систем, бүх Back-end төслүүдийг хариуцан ажиллаж эхэлсэн. Ерөнхийдөө Гэрэгэ Системээс гарч байгаа бүх бүтээгдэхүүн, программууд манай багийн хийсэн CORE систем дээр хийгддэг гэж ойлгож болно.

Одоогийн сэтгэгдлийн хувьд Гэрэгэ-гийн хамт олны найрсаг, халуун дулаан уур амьсгал яг хэвээрээ байгаа. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд хамт олны тоо нэмэгдэж, өнөр олуулаа болсон хэдий ч Гэрэгэ-гийн үндсэн соёл, хамт олны найрсаг харилцаа яг урьдынх шигээ байдаг. Ажил үүргийн хувьд тухайн үед жуниор түвшний хөгжүүлэгч байсан бол өнөөдөр илүү их суралцаж, дадлага туршлага хуримтлуулж, түүгээрээ ч өсөж дэвшиж чадсандаа баяртай байдаг.

– Компаниа гурван үгээр тодорхойлбол? 

Миний хувьд компаниа Онцгой, Найрсаг, Шинийг эрэлхийлдэг гэсэн 3 үгээр тодорхойлно. Яагаад онцгой гэхээр манай хийж байгаа бүтээгдэхүүн, төслүүд бусад газраас ялгарч чаддаг учраас Онцгойгэж болно. Анх л ажилд ороход мэдрэгдсэн хамт олны найрсаг уур амьсгал одоо ч хэвээрээ байдаг учраас гарцаагүй Найрсаг гэж хэлнэ. Технологийн салбарын томоохон компаниудын нэг учраас бид  хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашиглаж, үргэлж шинэ төслүүд, шинэ бүтээгдэхүүн, шинэ хувилбарыг гаргадаг учраас Шинэлэг компани гэж хэлнэ дээ.

– Та яг одоо юун дээр төвлөрч ажиллаж байна вэ?  

2020 оноос компанийн ТУЗ-ийн дарга Ц.Эрдэнэбат захирал, Дата администратор М.Бат-Эрдэнэ ах хоёртой шинэ CORE систем хийж, системийнхээ дараагийн шинэ хувилбарыг энэ 6 сараас хийж эхэлсэн. Яг одоо бол тэр ажилдаа төвлөрч байна. Миний гол ажил бол Гэрэгэ компанийн үндсэн кор системийг хөгжүүлж, найдвартай ажиллагааг хангах байдаг.

Сурах зүйл дуусдаггүй гэдэг шиг өдөр бүр л ажлаасаа, хамт олноосоо суралцсаар байна. Сургуулиа төгсөөд шинээр ажилд орж байгаа залуус анхны ажиллах газраа маш зөв сонгох хэрэгтэй гэж боддог. Миний хувьд Гэрэгэ-г сонгож ажиллахыг маш том боломж гэж харах хэрэгтэй гэж хэлмээр байна.  Яагаад гэвэл өөрөө биеэ даагаад ажиллах, шинэ программ зохиох түүнийгээ туршиж үзэх боломжийг Гэрэгэ нээлттэй, ижил тэгш олгодог. Энэ бол маш том давуу тал. Гэрэгэ-д ажилласан хүн өөрийгөө дараагийн түвшинд ажиллах хэмжээний туршлагаж, нэлээн сайжирна гэж баттай хэлж чадна.

Өөрийн хариуцсан ажлаас гадна багийн гишүүддээ ажил хуваарилах, чиглүүлэх, ажлыг явц дунд хянах зэрэг удирдлагын ажлаа бас хийдэг. Гэхдээ багийнхандаа үүрэг, даалгаврыг нь ойлгомжтой чиглүүлээд өгчихөд Хөгжүүлэгчид маань өөрсдөө цааш аваад явдаг. Ажилтнуудаа хянахдаа Step by step  байдлаар ажилладаг. Тэгэхгүй бол ажил зэрэг эхлүүлээд аль ч үгүй болох магадлалтай.

– Таны ажлын онцлог, арга барил юу вэ? 

Миний хувьд харьцангуй эртэч хүн биш гэж болно. Ажлын бүтээмж ерөнхийдөө үдээс хойшдоо илүү байдаг. Ажлаа 10, 11 гээд эхэлдэг. Ажлын эхний хоёр цагаа код засах, бусад төлөвлөсөн ажлууддаа зарцуулдаг. Үлдсэн цагуудад  бүтээгдэхүүнүүдээ яаж илүү сайжруулах вэ гэдэг дээр төвлөрдөг. Шинэ санаа гарвал шөнө байсан ч хамаагүй нөүтбүүкээ дэлгээд л хийдэг дээ.

Ер нь бидний ажлын онцлог бол бусад хүмүүстэй харьцуулахад яг тогтсон цагт ирээд тогтсон цагт тарахад гол анхаарал хандуулдаггүй. Үр дүнтэй, бүтээмжтэй л ажиллаж чадвал хаанаас ч хэзээ ч хийж болдгоороо онцлогтой. Зайнаас ажилласан ч оффисоос ажилласан ч адилхан л компьютер дээр суугаад ажилладаг болохоор ялгаагүй л гэж боддог. Гэхдээ хувь хүний ухамсраас бас хамаарах байх л даа. Миний хувьд 4 сард аав болсон. Тэгэхээр гэр бүлдээ, хүүдээ илүү их цаг зарцуулж, хамт байхын тулд зарим үед зайнаас ажиллаж байна. Компанийн зүгээс ч энэ боломжийг олгож, цаг бүртгүүлэхэд биш ажлын бүтээмж, чанарыг илүүд үзэж ийм боломжийг олгож байгаад баяртай байна. Гэхдээ мэдээж ажлаа сайн хийж, хариуцлагатай байж чадсаны дараа ийм боломж ирдэг. Түүнээс биш ажлаа ойлгох, туршлагажих хүртлээ оффис дээр бүтэн цагаар сууж ажиллах хэрэгтэй байдаг.

– Та энэ буланд хамт олноосоо хэнийг санал болгох вэ? 

Миний хувьд дараагийн зочноор Backend хөгжүүлэгч Э.Тодмэргэнийг урьж байна. Өөрийн ажлын туршлага, онцлог болон хамт олныхоо тухай сонирхолтой яриа өгөх байх аа.

Ярилцсан танд баярлалаа. 

By gerege_admin    |    Aug 23,2022

Recent news

LAUNCHED PILOT PROJECT TO INCREASE FINANCIAL ACCESS FOR WOMEN ENTREPRENEURS

2023/02/01

БОАЖЯ, Гэрэгэ Системс ХХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2022/10/03

Э.Тодмэргэн: Гэрэгэ анх карьер эхэлж байгаа хүмүүст үргэлж БОЛОМЖ олгодог компани

2022/09/27