Гэрэгэ Системс болон тус группийн охин компаниудад ажиллаж байгаа эрч хүчтэй, чадварлаг, манлайлагч залуусынхаа Гэрэгэ-тэй холбогдсон түүхийг цувралаар танилцуулж байгаа билээ.
Ярилцлагын эхний зочин Н.Анугийн санал болгосноор М.Бямбажавыг энэ удаагийн зочноор урилаа. Тэрбээр Гэрэгэ Системс ХХК-ийн охин компани Гэрэгэ Киоск ХХК-д Ахлах хөгжүүлэгчээр ажилладаг бөгөөд Гэрэгэ-гийн гишүүн болоод дөрвөн жил болжээ.
Удахгүй ээж болох гээд завгүй байгаа хэдий ч бидний урилгыг хүлээн авч, өөрийн түүхээ хуваалцсан М.Бямбажав-даа баярлалаа.
– Гэрэгэ Системс ХХК-тай холбогдсон түүхээ хуваалцаач?
Би 2019 ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн Мэдээллийн системийн ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд хэд хэдэн газарт анкет өгснөөс хамгийн эхний ярилцлагын санал Тагнуулын Ерөнхий Газар, Гэрэгэ хоёроос ирсэн. Төрийн албаны шалгалт өгөхөөр очихдоо жинсин өмдтэй очоод оруулаагүй учраас шууд Гэрэгэ дээр ирсэн. Анх ирэхдээ хүний нөөцөө андуураад захиралтайгаа уулзаж байлаа (инээв). Ингээд вэб хөгжүүлэгчээр ажиллах саналтай байгаагаа хэлэхэд чамаас өөрөөс чинь л шалтгаална гэхэд шууд ажилтай болсондоо их баярлаж байсан. Эхлээд төслийн менежерээр ажиллая гэж бодож байсан ч надад код бичих нь илүү сонирхолтой байсан учраас вэб хөгжүүлэгчээр ажиллаж эхэлсэн. Ингэж л Гэрэгэ-тэй холбогдсон доо.
– Ажилд орсон анхны сэтгэгдэл ямар байсан бэ? Одоогийн сэтгэгдэл өөрчлөгдсөн үү?
Ажилд ороод хамгийн эхний сэтгэгдэл үнэхээр “шок” байсан. Дандаа эрэгтэй хүмүүс, маш том оффис хараад догдолж, бас гайхсан. Ажлын эхний өдрөөс л шууд ажил өгөөд эхэлсэнд гайхаж, би ч ер нь чадах болов уу даа гээд шантарч эхэлсэн. Эхний даалгавар вэб дээр торгуулийн дэлгэц хийх ажил аваад хийсэн. Өөрөө харахад бол яг адилхан дэлгэц хийсэн ч өөр байнаа л гээд байсан. Явц дундаа туршлагажаад харахад өнгө нь хүртэл өөр байхад л би адилхан байнаа гээд байсан байна лээ.
Ер нь шинэ төгсөж байгаа хүмүүс ажилд ороод бүгдийг хийж чадахгүй явц дундаа суралцаж, өдөр өдрөөр сайжрах учраас эрт шантарч болохгүй юм гэдгийг өөр дээрээ ойлгосон. Бас хамгийн чухал нь итгэл гэж бодож байна. Манай захирал болон ахлахууд ажил даалгаад, надад итгэхээр илүү хичээж, мэдэхгүй чадахгүйгээ асууж ажлаа цаг хугацаанд нь дуусгаж, түүндээ өөрөө урамшиж туршлагаждаг болсон. Миний хувьд Ц.Эрдэнэбат захирал, Н.Ууганбат, Н.Наранхүү, Б.Эрдэнэбаяр ах нараасаа олон зүйлийг сурсан. Бас манай захирал ямар ч залуусыг дэмжиж, үргэлж зааж зөвлөж байдаг. Бид нар захирлыгаа ахаа гэж дууддаг халуун, дулаан хамт олон (инээв).
Харин одоо бол Гэрэгэ надад яг гэр бүл шиг минь санагддаг болсон. Би өглөө бүр ажилдаа яарч ирдэг, ирээд яг л байх ёстой газартаа байгаа юм шиг тухтай, тайван байдаг. Ер нь манайхан ажлаа маш хурдан хийдэг, хэн нэгэн дээр нь ажил гацсан бол “Чи яагаад ажил гацаав” гэх биш хамтарч зөвлөөд хурдан дуусгадаг.