Мэдээ мэдээлэл

Цахим шийдэл бүхий шилдэг төсөлд 10.000 ам.доллар хүртэлх тэтгэлэг олгохоор боллоо

Монгол Улс, НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засгийн Нийгмийн Комисс-ын “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн эдийн засгийн сэргэлтийн сан”-гийн хамтын ажиллагааны “Эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох, өргөжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн цахим шийдлүүдэд тэтгэлэг олгох хөтөлбөр манай улсад анх удаа хэрэгжиж эхэллээ. Тус хөтөлбөрийн хүрээнд шинэлэг цахим шийдэл бүхий компанийн шилдэг төслүүдийг шалгаруулж 10.000 ам.доллар хүртэлх мөнгөн тэтгэлэг олгохоор боллоо. Шалгарсан төслүүдийн шийдэл, цар хүрээ, шаардагдаж буй хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааран тэтгэлгийн хэмжээ ялгаатай байх юм. Нийт 200 гаруй сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөөд байгаа аж.

“Сүүлийн жилүүдэд технологийн шийдлүүд нь бизнес эрхлэгчдийн тэр дундаа алслагдсан дүүрэг хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд чухал дэмжлэг үзүүлж байна. Тиймээс шинэлэг хөшүүргийг нэвтрүүлэх төслийн шалгаруулалт ийнхүү эхэлж байна. Өргөдөл гаргагч байгууллагын санаачлан хэрэгжүүлж буй цахим шийдэл нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сэргээн босгох өргөжүүлэх, өсөлт хөгжлийг дэмжихэд чиглэсэн байх нь гол шалгуур үзүүлэлт болно” гэдгийг тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч IWFCI MONGOLIA буюу Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбооны Монгол дахь салбарын Ерөнхийлөгч О.Байгаль онцоллоо.

 Энэ үеэр Гадаад харилцааны яамны  Гадаад худалдаа, Эдийн засгийн хамтын ажиллагааны дэд захирал З.Баттүшиг “Олон улсын санхүүгийн байгууллагууд эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь бодит оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын хувьд ихээхэн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийн хувьд чадавхжуулах нь  бизнесийн орчныг бүхэлд нь эрчимжүүлээд зогсохгүй тэдний гэр бүлийн орлогыг нэмэгдүүлж, амьдралын чанарыг сайжруулж нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой”  гэв.

Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн өргөдлийн маягтыг 2013.02.06-ны даваа гаригаас хүлээн авах юм. Тиймээс IWFCI Монгол байгууллага тухайн өдрийн 12:00-14:00 цагт Гадаад харилцааны яамны “Номин” танхимд хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй компани, ААН-үүдэд тавигдах шаардлага болоод бусад мэдээллийн талаар дэлгэрэнгүй  танилцуулах аж.

By gerege_admin    |    Feb 03,2023

Бусад мэдээлэл

Азийн сантай хамтран B2B платформыг хөгжүүлж байна

E-Gate цахим гарцыг амжилттай нэвтрүүллээ

"БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ" АРГА ХЭМЖЭЭ