Гэрэгэ Смарт ПОС ХХК нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан Бизнес ПОС бүтээгдэхүүнээ Узбекистан улсын зах зээлд нэвтрүүлэхээр тус улсын дижитал төлбөрийн системийн зах зээлд тэргүүлэгч Oкто ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, Гэрэгэ Смарт ПОС ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Энхжаргал, Окто ХХК-ийн Ерөнхий захирал Алексей Максимов нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Гэрэгэ Смарт ПОС ХХК-ийн технологийн шийдлүүдийг Узбекистан улсын зах зээлд, нөгөө талаас Окто ХХК-ийн технологийн шийдлүүдийг Монгол улсын зах зээлд нэвтрүүлэхэд технологийн болон хамтын ажиллагааны дэмжлэг үзүүлэн ажиллах юм.
Мөн Гэрэгэ смарт ПОС ХХК нь тус улсын Humo төлбөрийн систем, Равнак банк болон татварын системтэй холбогдох юм. Ингэснээр кассын систем, төлбөрийн шийдэл болон татварын бүртгэл гурвыг нэг дор нэгтгэх боломжтой болох юм.
Харин Окто ХХК-ийн технологийн шийдэл болох төлбөрийн картыг 5 минутад захиалж, хэвлэх боломжтой технологийн шийдэл, Visa tokenization зэргийг нэвтрүүлэх ажилд Гэрэгэ смарт ПОС дэмжлэг үзүүлнэ.
Гэрэгэ смарт ПОС ХХК нь аливаа бүхэнд технологи шингээж, нийгэмд тулгамдаж буй асуудлыг технологиор дамжуулан хялбар, шуурхай шийдвэрлэж, эрх тэгш, хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг зорин ажилладаг. Энэ хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын процессыг хөнгөвчлөх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажлуудыг хийж, олон салбарт хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн программ хангамжийг төлбөрийн шийдлийн хамт бүтээж, олон үйлдэлт ухаалаг ПОС төхөөрөмжийн хамт санал болгож байна.
Окто ХХК нь олон улсын төлбөрийн системийн картуудыг ашиглан цахим хуудас эсвэл гар утасны аппликейшн дээр хийгдсэн онлайн төлбөрийг хүлээн авах төлбөрийн үйлчилгээний шинэлэг, орлого нэмэгдүүлэх шийдлээрээ ТУХН-ийн зах зээлд тэргүүлэгч компани юм.