Гэрэгэ Системс болон тус группийн охин компаниудад ажиллаж байгаа эрч хүчтэй, чадварлаг, манлайлагч залуусынхаа Гэрэгэ-тэй холбогдсон түүхийг бид цувралаар танилцуулж байгаа билээ.
Ярилцлагын гурав дахь зочноор Гэрэгэ Системс ХХК-ийн CORE хөгжүүлэлт хариуцсан захирал Д.Өсөхбаярыг урьж, ярилцлаа. Тэрбээр Гэрэгэ Системс ХХК-д 2019 онд нэгдэж, түүнээс хойш тогтвортой ажиллаж, албан тушаал дэвшсэн ажилтнуудын маань нэг юм.
– Гэрэгэ Системс ХХК-тай холбогдсон түүхээ хуваалцаач?
Миний хувьд анх 2019 компанидаа нэгдсэн. Түүхээ яривал, программ хангамжийн хөгжүүлэгч ажилд авна гэсэн зарын дагуу анх ирсэн. Тэр өдөртөө л Хүний нөөцийн менежер болон Үйл ажиллагаа эрхэлсэн захиралтай уулзаад, шууд л маргаашаас нь ажилдаа орж байлаа. Ажлаа Backend хөгжүүлэгчээс эхэлсэн. Ер нь болох ёстой зүйл цаг хугацаа нь ирэхээр маш хурдан болдог юм байна лээ. Миний хувьд ШУТИС-ийн КТМС-д программ хангамжийн инженерээр суралцсан. Гэрэгэ-д орохоос өмнө старт-ап компаниудад ажиллаж туршлагатай байсан ч, технологийн салбартаа ирээдүйтэй, тогтсон том багт орж ажиллаж, суралцъя гэж шийдээд Гэрэгэ-г сонгосон. Тухайн үед компани одоогийнхоос 2 дахин бага хүнтэй, 20 орчим хөгжүүлэгчтэй л байсан. Харин жил бүр компани улам томорч, тэр хэрээр ажилтнуудын тоо ч нэмэгдсээр байгаа.
– Ажилд орсон анхны сэтгэгдэл ямар байсан бэ? Одоогийн сэтгэгдэл өөрчлөгдсөн үү?
Ажлын анхны өдөр цоо шинэ компьютер задлаад ажлаа эхлүүлэхэд сэтгэл догдолсон. |Инээв| Гэхдээ шинэ орчин, шинэ хүмүүсийн дунд эхэндээ биеэ барих, сандрах зүйлс байсан ч найрсаг хамт олон угтсан учраас богино хугацаанд амархан уусаж чадсан. Хариуцсан ажлын хувьд тухайн үед миний өмнө ажиллаж байсан Backend хөгжүүлэгчийн ажлыг хүлээж аваад нэг сар орчим хамт ажиллаж, дадлагажсан. Ерөнхий ажил үүргийн тухайд Гэрэгэ Системс ХХК-ийн CORE систем, бүх Back-end төслүүдийг хариуцан ажиллаж эхэлсэн. Ерөнхийдөө Гэрэгэ Системээс гарч байгаа бүх бүтээгдэхүүн, программууд манай багийн хийсэн CORE систем дээр хийгддэг гэж ойлгож болно.
Одоогийн сэтгэгдлийн хувьд Гэрэгэ-гийн хамт олны найрсаг, халуун дулаан уур амьсгал яг хэвээрээ байгаа. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд хамт олны тоо нэмэгдэж, өнөр олуулаа болсон хэдий ч Гэрэгэ-гийн үндсэн соёл, хамт олны найрсаг харилцаа яг урьдынх шигээ байдаг. Ажил үүргийн хувьд тухайн үед жуниор түвшний хөгжүүлэгч байсан бол өнөөдөр илүү их суралцаж, дадлага туршлага хуримтлуулж, түүгээрээ ч өсөж дэвшиж чадсандаа баяртай байдаг.