Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг Гэрэгэ Системс, зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ үзүүлэгч Бүрэн Скор компаниуд өндөр түвшинд хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Гэрэгэ Системс ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Д.Сайнбаяр Бүрэн Скор ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал Б.Эрдэнэсанаа нар гарын үсэг зурж, ирээдүйн урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааны эхлэлээ тавьлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Гэрэгэ Системс ХХК болон түүний охин компаниуд болох Гэрэгэ Киоск ХХК, Гэрэгэ Смарт ПОС ХХК, Гэрэгэ Проперти Техноложис ХХК болон Вулкан Аналитикс компаниудын Бүрэн Скор ХХК-тай олон талаар түншлэн ажиллахаар болж байгаа юм.
Эдгээр компаниуд хамтын ажиллагааныхаа хүрээнд зээлийн мэдээллийн лавлагаа, зээлжих чадварын оноо болон бусад бүтээгдэхүүн үйлчилгээг Гэрэгэ киоск, аппликейшн болон бусад тохиромжтой платформоор борлуулахаар боллоо.
Мөн зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх, лавлагаа гаргах, зээлжих чадварын оноо болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэд, харилцагчдад хялбар, хүртээмжтэй, шуурхай хүргэхэд анхааран ажиллах юм.
Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүнүүдийг зах зээлд амжилттай нэвтрүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.