Мэдээ мэдээлэл

Н.Энхжаргал: Төр зөвхөн тендер биш харин үйлчилгээний төлбөрийн орлогоор санхүүжигддэг төслийн моделийг бас чухалчлах хэрэгтэй

 Монголын эдийн засгийн чуулган 2022 үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан байдлаар зургаан салбар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт зохион байгуулж буй.

Энэ хүрээнд “Төрийн Бүтээмжийн сэргэлт” сэдвээр энэ сарын 22-нд урьдчилсан хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж, төр болон хувийн хэвшлийн төлөөллүүд тулгамдаж буй асуудлуудаа ярилцсан юм.

Цар тахлын үед төртэй хамтарч ажилласан хувийн хэвшлийн төлөөлөл бол ковидын шинжилгээний платформыг бүтээсэн гэдгээр нь олон нийтийн сайн мэдэх Гэрэгэ Системс юм.

Тэр утгаар “Төр хувийн хэвшлийн түншлэл” сэдэвт хэлэлцүүлэгт хувийн хэвшил тэр дундаа мэдээллийн технологийн салбарыг төлөөлөн Гэрэгэ Системс ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Энхжаргал панелистаар оролцсон нь онцлог байлаа.

Иймд түүний төртэй хамтарч ажиллахад тулгамдсан асуудлын талаар нээлттэй илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.

 

  • Ковидын хүнд хэцүү цаг үед ашиглагдсан ЭрүүлМН төсөл тийм амар хэрэгжээгүй. Бид анх нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй хийсэн. Үнэтэй болгосон шалтгааныг тайлбарлая. Та бүхний санаж байгаачлан 420 мянган өрхийн шинжилгээг хийх шийдвэр гараад төр ч тэр хувийн хэвшил ч тэр нөөцөө барсан. Бидний хувьд цар тахлын үед бүх ажлаа хаяад ковидын шинжилгээг бүрэн гүйцэд хийх, өрх бүрийн шинжилгээг цагт нь гаргах гэж системээ илүү боловсронгуй болгосон. Тэгээд төртэй хэлэлцээрт орсон. Өөрөөр хэлбэл, ажилчдынхаа цалинг тавихаас эхлээд асуудал гардаг тул хэрэв энэ ажлаа цааш үргэлжлүүлэх бол төлбөр тооцооны асуудал яръя гэсэн. УОК-оос шаардлагатай үед хэрэгтэй систем учраас асуудлыг шийдэх хэрэгтэй гээд улсын нөөц хөрөнгөөс сар болгон төлбөр төлөхөөр болсон. Төлбөр авах гэрээ хийж ажиллаад таван сар өнгөрсөн байхад төлбөр орж ирээгүй гэх мэт маш их адармаатай зам туулсан.
  • Төр технологийн системийг бүтээхэд олон тэрбумын тендер зарлахад хэн ч гайхдаггүй. Гэтэл тэр мөнгийг хувийн хэвшил өөрсдөө гаргаж бүх зүйлээ хийгээд шимтгэл авах гэхээр бүх хүн гайхдаг. Одоо бол төр сэтгэлгээгээ өөрчлөх гол анхаарах зүйл болчхоод байна.
  • Хувийн хэвшлийнхэн төрд дутуу байгаа юмыг хийдэг болохоор төр өөрсдийн хүрч чадахгүй зүйлээ ярьдаг байх хэрэгтэй.

Хувийн хэвшил, тэр дундаа мэдээллийн технологийн салбарыг төлөөлж хэлэлцүүлэгт оролцож байгаагийн хувьд гурван санал хэлье.

 

  1. Байгууллагуудад ямар ч ажил байсан ингээд хийчихвэл яах уу, ингэвэл яаж байна гээд орж ирээд байдаг идэвхтэй залуучууд байдаг. IT-гийнхан бол ийм салбар бөгөөд маш инновацлаг шинэлэг салбар. Бусад салбаруудтай харьцуулбал хурдтай, орчин үеийн байдлаар явуулах боломжтой салбар. Тиймээс төрийн зүгээс аливаа ажлыг хийхээсээ өмнө “та нар хийж чадах уу” гэж асуух хэрэгтэй. Шууд нэг, хоёр тэрбумын тендер зарлахынхаа оронд монгол компаниудаа асуух, зарим компаниуд нь өөрсдийн хөрөнгөөр хийгээд шимтгэлээ аваад явдаг механизмыг бий болгох тал дээр ярилцдаг байх хэрэгтэй. Төр зөвхөн тендер биш харин шимтгэлийн орлогоор санхүүжигддэг моделийг бас чухалчлах хэрэгтэй.
  2. Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлыг шийдэх шийдэлтэй Eruul.gerege.mn платформ ковид дуусахаар хэнд ч хэрэггүй хог болоод үлдэх үү. Учир нь ганц ковид биш үндэсний хэмжээний халдварт өвчин, сүрьеэ зэрэг бүх зүйлд ашиглах боломжтой платформ юм.
  3. Е-Mongolia бол гоё санаачилга болсон. Гэхдээ энэ ажлыг төр өөрөө л хийнэ гэхгүйгээр хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч хөгжүүлэх боломжтой.

Хэлэлцүүлгийн бичлэг: 

 

https://youtu.be/QOOC6Cm2-Mc?t=1

Эх сурвалж: https://ikon.mn/n/2i22

 

By gerege_admin    |    Mar 28,2022

Бусад мэдээлэл

Азийн сантай хамтран B2B платформыг хөгжүүлж байна

E-Gate цахим гарцыг амжилттай нэвтрүүллээ

"БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ" АРГА ХЭМЖЭЭ